Даян Дээрхийн агуй
2024-10-17 16:04:04,   365

          Түүх дурсгалын болоод байгалийн өвөрмөц тогтоцтой газрууд сумын нутагт олон байдгийн дотор хол ойрын хэн боловч зорьж очиж сонирхдог Даяндээрхийн агуй онцгой ховор тогтоцтой байгалийн нандин үзмэр билээ. Цагаан-Үүр сумын төвөөс зүүн тийш 35 км орчим зайд, Дээрхийн голын дунд орчимд зүүнээс нийлэх хавцал амны хойд биед орших Номхон уулын тэг дундаас дээхнүүр байршдаг. Агуй том, жижиг гурван амтайн том нь 3Х4м орчим, нөгөө хоёр нь багавтар юм. Том амны дотор талд 1 м орчим чулуун босготой, босгыг давж ороход хүндрэлтэй учир чулуун шат байдаг. Босгыг давж шатаар буухад 7х4 м-ийн том дөрвөлжих тасалгаа хэлбэртэй хөндийд орно. Энд хоймор талд нь өргөл хүндэтгэлийн чулуун овоо байх ба зүүн талын нь ханан хаданд “Эхийн умай” гэгддэг эмэгтэй хүний савны хэлбэртэй нүх байна. Хэр баргийн хүн тэр нүхээр гарч чаддаггүй. Хэрэв эвийг нь олж байж гарч гэмээнэ тухайн хүн ариусгагдаж, буяны зам мөр нь нээгддэг энергийн их хүчин чадалтай гэдэг. Зүүн талын хананы наахнуур тал тал тийшээ салаалсан олон тооны намхавтар хонгил байх ба нийтдээ 32,5 метр урт хоёр хонгилоор дамжиж ороход төгсгөлд нь тусгайлан хийсэн модон шатаар эгц дээшээ өгсөж дээд давхрын буюу 14,7 метр өндөрт байх хонгил тасалгаанд ордог. Энэ хонгилын өндөр 4 м, өргөн 3-5 м, урт нь 24 м юм. Эндээс дахиад л олон жижиг хонгил тал тал тийшээ салбарладаг. Шил мэт гурван том баганатай энэ хонгил тасалгааны зүүн өнцөг дэх 2 метр өндөр нарийн босгоор давж гүн худаг мэт жижиг нүхээр шургаж буугаад нарийн хонгилоор цаашилсаар дараагийн хонгил тасалгаанд орно. Тухайн хонгил тасалгаанаас агуйн мухар хүртэл дахин найман хонгил тасалгаатай гэдэг. Агуйн мухрын хэсэгт харьцангуй сүүл үед дээд талаас нь хад чулуу нурж хонгилыг хааснаас биш хонгил цааш үргэлжилсээр хилийн дээснээс цааш гардаг талаар нутгийн хөгшчүүл хуучилдаг байсан гэдэг. Агуйн амнаас энэ таслагдсан мухар хүртэл 170 орчим метр гэж судлаачид хэмжиж тогтоосон байна. XVII зууны үеэс гадаадын жуулчлагч эрдэмтэд агуйг судалж байсан ба 1950-1970 оны үед их эрдэмтэн Б.Ренчин гуай судалгааны хүмүүстэй ирж, Бургалтайгаар нутагладаг байсан Дододын Сахъяа гэдэг хүнээр газарчлуулдаг байсан гэдэг. Ренчин гуайг тухайн үед Ч.Дүвжир гэдэг эрдэмтэн л лав дагалдан ирж судалгааны ажил хийдэг байсан юм билээ.

       Даяндээрхийн агуйг эрт дээр үеэс тахиж шүтэж ирсэн бөгөөд агуйн аманд өмнө дурдсан 2 м өндөр чулуун овоо босгож, дэргэд нь байршуулсан нэгэн баатар эрийн чулуун хөшөөг бөөгийн онгон шүтээн хэмээн харуулынхан хадаг яндар уяж, арц хүж асаан, идээ будааныхаа дээжийг өргөн тахин шүтэж байжээ. Энэ талаар нэрт түүхч, академич Ч.Далай “Даяндээрх бол Монголын бөө мөргөлийн төв байсан юм” гэж тэмдэглэсэн байдаг. 1728 онд Балганшаравдорж гэгч лам “Даяндээрхийн сан” гэдэг магтаал зохиосныг тахилга үйлдэх үед уншдаг байсан.

2024-10-17 16:04:04