Сумын танилцуулга.
2024-10-17 15:48:06,   25

        Хөвсгөл аймаг Цагаан-Үүр сум нь 1931 оны 04 сарын 10-ны өдөр Онгон уулын баруун хаяанд байгуулагдсан бөгөөд тус сум нь зүүн, зүүн урд талаараа Эрдэнэбулган сум, баруун баруун урд талаараа Чандмань-Өндөр сум, хойд талаараа Ханх сум, зүүн зүүн хойд талаараа ОХУ-тай хил залгадаг. Нийт 875,0 мянган га газар нутагтай, түүний 91% нь ой мод, уул тайга, 2,8% нь гол ус нуур цөөрөм, булаг шанд, 6,2% нь хадлан бэлчээрийн үржил шимт газар эзэлдэг.

 Нутаг дэвсгэр, газар зүй, байгаль цаг уурын мэдээлэл

       Хангай хэнтийн уулархаг мужийн хөвсгөлийн уулсын дэд мужлалын их сав нутагт сумын нутаг оршино. Сумын нутаг дэвсгэр бүхэлдээ газар зүйн мужлалаар Хөвсгөлийн уулсын зүүн хэсгийн тайгын дундаж өндөртэй цулдам уулсын болон тэгш өндөрлөгийн дэд мужид хамрагддаг. Үүрийн голын сав дагуух нутаг өндөр уул нуруу, хөвч тайгын бүслүүрт багтдаг бол адаг хэсэг нь ой хээрийн бүслүүрт ордог. Сумын нутагт байгаа уулс нь Хөвсгөлийн уулсын мужлалд багтдаг Саяаны нурууны салбарт ордог юм. Эдгээр уул нь нийтдээ өндөр уул нуруу, ян сарьдагтай, ой хөвчөөр бүрхмэл далайн түвшнээс 2000-2200 метрийн өндөрт оршино.

       Сумын нутгийн хойд хэсгийн улсын хилийн дагуу Дорнод Саяаны нуруу түүний салбар уулс. Хэвэнгийн өндөр, Хоёр тосон, Саравслага, Тож уул, Усан хужрын сарьдаг  Хасын уул нуруу, ян сарьдаг зэрэг нь ой модгүй, хад асга бүхий  нүцгэн уулс байдаг. Сумын тєв орчмын нутгаар уулсын орой намсаж, Үүр, Уялган, Аригийн голын сав дагуух нутгаар багавтар тал хєндийтэй.

       Улсын хилийн  дагуу үргэлжлэх Дорнод Саяаны нурууны зүүн залгаа Туран давааны ноён оргил  Байшинт   2994.5 метр өндөр, 40-ээд км-ын алсаас харагддаг бөгөөд сумын нутгийн хамгийн өндөр цэг болно. Түүний дараа 30-аад км-ын алсаас  бусдаас ялгаран харагдах Залуу Үүрийн голын эхээр орших Саравслагийн Сарьдгийн нурууны оргил цэг Гүрнүхт  2753 метр өндөр  юм. Үүрийн голын хөндий бол нэлээд нам доор газар бөгөөд Хөвсгөлийн их уулсын орших алдарт гурван хөндийн нэг юм. Сумын нутгийн хамгийн нам доор газар бол далайн түвшнээс  дээш 1100-1400 метр өргөгдсөн Үүр, Уялган голын хөндий юм.

         Үүрийн голын эх орчмын уулс нь 2000-2700 метрийн өндөр, оройн хэсэг нь модгүй, нүцгэн оргилтой. Энд Тож уул 2544 м, Тасын өндөр 2524 м, Саравслагын овоо 2357 м, Хэвэнгийн өндөр 2188 м, өргөний  Цагаан уул 2278 м, өндөр Мон уул 2130 м өндөр уулс дүнхийдэг. Хойд хэсгийн өндөр уулсаас урагшлах тусам уулсын орой намсаж, ой модоор бүрхмэл болж ирнэ. Энэ орчмын уулсын үнэмлэхүй  өндөр нь 1500-2000 метр өндөр бөгөөд Ойдгон /1607 м/, Суврага уул /1616 м/, Тэмээн чулуут /1991 м/, Онгон уул /1634 м/, Цэгцэр уул /1384 м/ өндөр юм. Нутгийн хойд хэсгийн хил орчмын нутгаар ой модгүй шахам шохойн болон галт уулын чулуулаг бүхий тогтоцтой нүцгэн өндөр уул нуруу үргэлжилэх бөгөөд уулсын орой нь шовх, хажуу тал нь эгц гүн хавцал бүхий хад асга хавцалтай.  Тож  уулын  орчмын Саравслагийн Сарьдаг, Яларын сарьдгийн нуруу, салбар уулс хэдэн арван км үргэлжилнэ. Эдгээр нуруунаас урагш орших Хойд, Урьд Цагаан гол,  Дайтаа, Бөргөө, Баянзүрх, Могой, Хан-уул, Агуйт, Барсага, Бадар зэрэг ой хөвчөөр бүрхэгдсэн урт урт нуруу үргэлжилнэ.

       Сумын нутгийн уулс техтоник эвдрэлийн хэрчигдсэн  мөсдөл элэгдлийн хэв шинжийн хотгор гүдгэрт атраажилтийн үр дүнд бий болсон байна. Сумын нутгийн хамгийн хойд цэг бол Байшинт уул / 2994.5 м/ бол өмнөд цэг нь Хар гол бөгөөд хойд өмнөд цэгийн хооронд 231 км зайтай бол хамгийн баруун цэг нь Гулзгайн даваа бол зүүн цэг нь Хялгасан даваа юм. Энэ хоёр цэгийн хооронд  121 км зайтай.

      Сумын нутгийн хөрс нь уул тайгын чандруулаг, ойн саарал хөрс зонхилдог. Хилийн дагуух нутгийн хөрс нь чулуурхаг чандруулга бол түүнээс урагш тайгын цэвдэгт хөрстэй. Нутгийн төв хэсэг нэлэнхийдээ хөрсний гүндээ цэвдэгтэй ширэгт хөрстэй бол Үүр, Уялган, Аригийн гол сав дагуух нам дор газрын хөрс нугын цэвдэгт хөрс юм. Цэвдэгийн үйлчлэлийн нөлөөгөөр хөрсний үе давхаргын хэв гажих, сайр чулуу, нунтаг шороо ялгарах нь ажиглагддаг байна.  Сумын нутаг дэвсгэр нь Байгаль орчны  яамнаас 1999 онд шинэчлэн тогтоосноор 873.5 мянган хавтгай дөрвөлжин км бөгөөд үүний дотор  хөдөө аж ахуйн эдэлбэр газар 236.5 мянган га юм. Сумын нутаг нэлэнхүйдээ  өндөр уул нуруу, ой хөвч арвинтай, уулын гол горхи, томоохон гол мөрөнтэй учир, хадлан авах талбай, малын бэлчээр өвлийн улиралд харьцангуй бага юм.

     Сум хойд, зүүн хойд, зүүн талаараа ОХУ-ын Буриад улстай Дорнод Саяаны нурууны салбар Зэдийн нуруугаар хиллэдэг бол баруун хойд талаараа Залуу Үүрийн эх, Ганшуулын даваа, Өргөний Цагаан уулсаар Ханх сумтай, баруун талаараа Халханы дөрөлж, Сар толгой, Доргио цох, Тэмээн чулуутаар Чандмань-Өндөр сумтай, зүүн өмнөд талаараа  Бадарын нуруу, Даваат, Хэрээтийн даваа, Бяцхан бэлчирийн царам, Горхины эх, Дээрхийн зүүн нурууны дагуух нутгаар Эрдэнэбулган сумтай хиллэдэг юм.

2024-10-17 15:48:06