Тасгийн танилцуулга.
2024-10-16 16:12:13,   201

    Төрийн үйлчилгээний тасаг нь сумын Засаг даргын тамгын газрын даргын  2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/28 дугаар тушаалаар байгуулагдсан . Засаг даргын үйл ажиллагааны зорилт чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн мэргэжлийн зөвлөгөө дэмжлэгээр хангах, төрийн үйлчилгээг чанар хүртээмжтэй шуурхай хүргэх, нутгийн захиргааны байгууллагуудыг бодлогоор дэмжих, эрх зүйн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хангах, шийдвэрийн биелэлтэд хяналт шинжилгээ хийж, сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг аргазүйн  зөвлөмжөөр ханган төрийн бодлого шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, үйл ажиллагааг эрхлэн явуулж байна.Төрийн үйлчилгээний тасаг нь ЗДТГ-ын дарга, Нийгмийн даатгалын байцаагч, Хөдөлмөр халамжийн мэргэжилтэн, Улсын бүртгэгч, Эрх зүйн мэргэжилтэн, Нийгмийн  бодлогын мэргэжилтэн, Хэсгийн төлөөлөгч, цагдаа,  бүрддэг.

    ЗДТГ-ын дарга нь  хууль тогтоомж, хөгжлийн бодлого, стратеги зорилтыг хэрэгжүүлэх ажлыг нутаг дэвсгэрийн  хэмжээнд зохион байгуулж, хяналт тавих, Засаг даргад бодлогын зөвөлгөө, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж мэдээллээр хангах, Тамгын газрын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж гүйцэтгэлийн үр дүнг сумын Засаг даргын өмнө хариуцах үүргүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Тус сумын ЗДТГ-ын даргаар 1992-1995 онд Ч. Мөнхбат, 1995-1996 онд Т. Сарантуяа, 1998-1999 онд О. Бадарч, 1999-2001 онд З. Цогзолмаа, 2001-2005 онд Д. Батжаргал, 2005-2006 онд З. Цогзолмаа, 2006-2011 онд Б. Эрдэнэбат, 2011-2023 онд  Д. Цогт-Эрдэнэ, 2024 оноос С. Үүрийнбаяр  ажиллаж байна.

     Нийгмийн даатгалын байцаагч: Сум баг, аж ахуй нэгж байгууллага, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэлийг хуулийн хүрээнд бүрдүүлэх, тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн төлбөрийг цаг хугацаанд нь олгох, ниймгийн даатгалын мэдээллийг бүрдүүлэхэд хяналт тавьж, үнэн зөв бүрдүүлэх, нийгмийн даатгалын багц хуулийн биелэлтэнд хяналт тавих үүргүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Нийгмийн даатгалын байцаагчаар П. Оюунцэцэг, Л. Туул, А. Энхтайван, Б. Шижир, Н. Жаргалсайхан Д. Энхтүвшин  2009 оноос одоог хүртэл ажиллаж байна.

      Улсын бүртгэгч: Улсын бүртгэлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, төрийн бүртгэлийн үйлчилгээгээр иргэний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг баталгаажуулах, төрийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд түргэн шуурхай, хүртээмжтэй, чирэгдэлгүй хүргэх үүргүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Улсын бүртгэгчийн албан тушаал 2012 оноос бие даасан албан тушаал болсон бөгөөд Б. Долгорсүрэн 2012 оноос одоог хүртэл ажиллаж байна.

    Нийгмийн бодлогын мэргэжилтэн: Нийгмийн салбарын бодлогын хууль тогтоомж, шийдвэр, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг орон нутагт зохион байгуулах арга зүйгээр хангах, хүн ам, гэр бүл хүүхэд залуучууд, жендерийн тэгш байдлын асуудлаар хөтөлбөр, төсөл боловсруулах, нийгмийн зорилтот бүлгүүд, хүн ам, өрхийн суурь судалгааг нарийвчлан гаргаж тэдгээрт чиглэсэн үйл ажиллагааг орон нутгийн бодлого боловсруулахад тусгуулах, хэрэгжилтийг хангаж тайлагнах үүргүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Нийгмийн бодлогын мэргэжилтэн гэх албан тушаал  2013 онд Хөдөлмөр халамжийн мэргэжилтэнээс салж тусдаа орон тооны мэргэжилтэнтэй болсон бөгөөд Б. Сарныгэрэл нь 2013 оноос одоог хүртэл ажиллаж байна.  

     Хөдөлмөр халамжийн мэргэжилтэн: Нийгмийн халамжийн тухай хууль, Ахмад настны тухай, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх эцэгт тэтгэмж олгох тухай хууль бусад хууль тогтоомжийг хэрэгжүүлэн, хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөнгөлөлттэй зээл, зээлийн батлан даалттай холбоотой хөдөлмөрийн салбарын хууль тогтоомж бодлого шийдвэрийг орон нутагт зохион байгуулах үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Хөдөлмөр халамжийн мэргэжилтэн гэх албан тушаал 1996 онд Нийгмийн даатгал, халамжийн байцаагчаас салж тусдаа орон тооны мэргэжилтэнтэй болсон бөгөөд 1996-2021 онд  Д. Ариунаа, 2021 оноос одоог хүртэл Б. Тэгшжаргал ажиллаж байна.

    Хууль эрх зүйн мэргэжилтэн: Хууль тогтоомж бодлогын баримт бичиг, хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэх, байгууллагын эрх бүхий этгээдийн шийдвэрийн эрх зүйн үндэслэлийг хангуулах, иргэдэд эрх зүйн туслалцаа үзүүлэх, лавлагаа зөвөлгөө мэдээллээр хангах байгууллагын дотоод зохион байгуулалтыг хариуцан ажиллаж байна. Хууль эрх зүйн мэргэжилтэнээр Д. Батжаргал, Я. Буянзаяа, Г. Бэхбат нар ажиллаж байсан бөгөөд 2015-2020 онд  Д. Болор-Эрдэнэ, 2020-2022 онд Б. Хонгорзул, 2023 оноос С. Уранчимэг  ажиллаж байна.

2024-10-16 16:12:13