Мэндчилгээ
2024-10-15 00:00:00,   455

Монгол орныхоо дөрвөн зүг, найман зовхист болон гадаад улсад ажиллаж, амьдарч буй нутгийн зон олон та бүхэндээ намрын адаг хөх нохой сарын хулгана өдрийн халуун мэндийг айлтган мэндчилж байна. Цагаан-Үүр сум хэмээх эрхэм алдраар овоглосон Ар газрын Утай Даяндээрх, алдарт гурван аваргын өлгий нутагт минь тавтай морилно уу. 

      Миний бие орон нутгийнхаа удирдлагаар 2012-2016, 2016-2020, 2020-2024 онуудад ажиллах хугацаандаа төрийн үйлчилгээг ил тод нээлттэй хүргэх, ард иргэддээ хурдан шуурхай чирэгдэлгүй үйлчлэх орчныг бүрдүүлэх, нутгийг маань сонирхсон хэн бүхэнд сум орон нутгийн мэдээллийг шуурхай бөгөөд хүртээмжтэй байдлаар хүргэхийн төлөө ажиллаж сумынхаа цахим веб сайтыг шинэчлэн сайжруулж энэхүү мэдээллийн сувгаар дамжуулан та бүхэнтэйгээ учран золгож байгаадаа талархаж байна. Монгол улс, Хөвсгөл аймаг, Цагаан-Үүр сум ч гэсэн дэлхий нийтийн жишгээр цахим болж  бүх төрлийн мэдээллийг олон эх сурвалжтай, чанартай бодит эх үүсвэрээс бид түгээж хүргэх, төрийн болон орон нутагт зохион байгуулагдаж байгаа ажлыг албан ёсны веб сайтаас авч хэвших шаардлага байгааг онцлон тэмдэглэе. 

    Бид Цагаан-Үүр сумынхаа онцлог байдал, давуу тал болсон бүх боломжийг сурталчлан танилцуулж айл өрх, албан байгууллага, иргэд, олон нийтийг заавал зочлох цахим хуудас болгож орон нутгийнхаа хөгжилд бодитой хувь нэмрээ оруулсан ажил болгоно гэдэгт итгэлтэй байна. 

 Даян Дээрх шүтээн Цагаан-Үүрчүүдийг өнө мөнхөд ивээх болтугай. 

                                                                                                                                                         

                                                                                                                                                       Цагаан-Үүр сумын ИТХ-ын дарга Намхайн Мягмарсүрэн 

 

 

2024-10-15 00:00:00