Мэндчилгээ

Даяндээрх шүтээнээрээ овоглон Монгол орныхоо өнцөг булан бүрт сурч, ажиллаж хөдөлмөрлөн амьдарч байгаа элэг нэгт нутгийнхаа ахан дүүс, азай буурал ахмадууд, эрдэмтэн мэргэд, үе үеийн спортын алдартнууд, оюутан залуучууд, Ар зургаан харуулын голомт гурван аваргын өлгий нутагтаа ажиллаж хөдөлмөрлөж, хөгжил дэвшлийн төлөө гар бие оролцож буй нутгийн зон олон та бүхэндээ 17 дугаар жарны Усан могой жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байхын өлзийтэй сайхан ерөөлийг өөд, өөд нь өргөн дэвшүүлж Цагаан-Үүр сумынхаа цахим хуудсаар ЗДТГ-ын хамт олон, ИТХ-ын тэргүүлэгчид, 21-н төлөөлөгчид, ажлын албаны нэрийн өмнөөс та бүхэндээ мэндчилж байна.
Хорин нэгдүгээр зууны мэдээ мэдээлэл, техник техинологийн дэвшлийн эрин зуун гэх болсон өнөө үед сумын нийт төрийн албан хаагчид, иргэд, хөдөлмөрчдөд технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн алхах боломжийг олгосон “Цахим Хөвсгөл” хөтөлбөрийг санаачлагч МУ-ын Их хурлын гишүүн, Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөлийн дарга Л. Энх-Амгалан, хөтөлбөрийг хэрэгжүүлэгч багийн хамт олонд аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж цаашдынх нь амжилд амжилт хүсье.
Иргэд, хөдөлмөрчид, нутгийн зон олон, оюутан залуучууд та бүхэн Khuvsgul.Tsagaan-uur.gov.mn цахим хаягт зочилон ИТХ, ЗДТГ, төсвийн байгууллагуудын үйл ажиллагаа, төрийн албан хаагчидтай холбоотой санал гомдол шүүмжлэл, сэтгэгдлээ чөлөөтэй илэрхийлэх боломжтой. Бид бүхэн та бүхний санал, хүсэлтийг ажил хэрэг болгон ажиллах болно.
Даамай холоос дуурсгалтай
Даяндээрхийн агуйтай
Даяар Монголд цуутай
Дархан гурван аваргатай Цагаан-Үүр нутаг мину.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.


                                                                                           Цагаан-Үүр сумын ИТХ-ын дарга            

                                                                                           Хамба Есөн-Эрдэнэ овогтой Намхайн Мягмарсүрэн