ХӨВСГӨЛ НУУРЫН УРИАНХАЙН ХЯЗГААР НУТАГ

Урианхай бол язгуурын монгол аймгийн нэг байсан эртний ястан юм. Тэдний өвөг дээдэс бол Монгол нутгийн умард  хэмгийн ой тайгаар ан гөрөө хийн аж төрж байсан ойн гөрөөчин удмын хүмүүс. Урианхайчуудыг дотор нь Хөвсгөлийн Урианхай, Монгол Алтайн Урианхай гэж хоёр хуваадаг. Хөвсгөлийн Урианхай нь хөвсгөл нуурын баруун, зүүн талаарх өргөн уудам нутагт аж төрж байсан бөгөөд тэднийг хасууд урианхай, зоот урианхай, жөгд урианхай, соёд урианхай, туваа /цаатан/ урианхай гэж ангилдаг. Одоогийн Ханх суманд аж төрж байгаа урианхайчууд бол хасууд урианхай бөгөөд соёд урианхай нь Цагаан-Үүр, Чандмань-Өндөр суманд бусад ястнуудтай холилдон амьдарч байгаа. Тэднийг нутгийнхан Үүрийн урианхай хэмээн нэрлэдэг юм. Соёд буюу Үүрийн урианхай  нар Хөвсгөл нуурын зүүн талаар нутаглаж суурьшсан тухай сонин домгийг нутгийн хүмүүс ам дамжуулан ярьцгаадаг. Эрт дээр цагт Үүрийн урианхай нар хан хөхий, Тагна тувагаар нутаглаж байгаад хямрал самууны улмаас нутгаасаа гарч явсаар Засагт хан аймгийн ахай бэйсийн хошууны Тэрхэн цагаан гэдэг өндөр уулын орой дээр гарч хойд зүгт харагдах элчилгүй үргэлжлэх их ой, модтой нутгийг хараад тэдний ахлагч өвгөн ийн өгүүлж гэнэ. Би насан өндөр болсон, цааш явах тэнхэл алга. Та бүхэн хөвсгөл их далайн зүүн зүг явж,

Гэнэн газрын янзага

Гэсгэлэн газрын төмс

Хур модны мэхээр

Хөвсгөл далайн балиус идэж

Хөвч тайгаар нутаглаж аж төрцгөө гээд явуулсан гэдэг. Тэд явсаар хөвсгөл нуурын зүүн талын Шугнуул, Далбаа, Тураг зэрэг газраар нутаглаж байгаад зүүн тийш нутаг сэлгэсээр Үүрийн гол, Хөх голын эхээр орж нутагласан гэдэг. Тэр хойш тэднийг үүрийн урианхай гэж нэрлэх болжээ. Соёд, хасууд урианхай нь YIII-IX зууны үеийн уйгараас уг гаралтай гэж түүхчид баталдаг юм. XYII зууны үеэс хөвсгөл нуурын урианхайчууд Хотгойдын захиргаанд орж, Дүүрэгч вангийн хошууны ноёд үе залгамжлан захирч явсан бөгөөд үндэсний тусгаар тогтнолын төлөөх Чингүнжавын тэмцэл ялагдсаны дараагаас Халх болон Тагна тувагийн ноёдын захиргаанд хэсэг хугацаанд орж байгаад 1805-1911 онд Улиастайн манж амбанд захирагдах болжээ. Манж Чин улс Монголчуудыг Оростой харилцах хаилцааг тасалдуулах, хянаж байх зорилгоор 1727 онд харуулын алба бий болгож, улсын хилийн дагуу олон харуул байгуулсан. Гэр харуулын алба бол Манж Чин улсын төрөөс тогтоосон хамгийн хүнд хүчир албын нэг байсан бөгөөд тогтоосон хугацаагүй байжээ. Албанд томилогдсон хүн гэр орноороо тухайн газар нүүн очиж насаараа энэ албыг хаадаг байв. Хөвсгөл нуурын урианхайн нутгийн хилийн дагуу түүхэнд Даян дээрхийн зургаан харуул гэж алдаршсан Эрээн цалам, Архан буурал, Уялган, Дархинт, Хөх толгой, Хатгал боом харуулыг байгуулж, түүнд алба хаахаар төв халхын нутгаас олон айл өрх нүүн ирж суурьшсан байна. Ингэж XYII зууны эхэн үеэс энэ нутагт харуулын халхчууд суурьшин нутгийн иргэдтэй хамт аж төрөх болсон байна. Хөвсгөл нуурын Урианхайн зүүн хэсэг болох Хөвсгөл нуураас зүүн тийш улсын хил хүртэлх өргөн уудам нутгийн уугуул иргэд нь соёд, хасууд урианхай, харуулын халхаас гарвалтай халх, XYIII зууны сүүлээс хэсэг бусаар ирж суурьшиж эхэлсэн буриадууд юм. Манжийн ноёрхолын үед хөвсгөл нуурын урианхайг засаг захиргааны хувьд дөрвөн сум болгон Даян дээрхийн зургаан харуулаас хойшхи нутагт арын 2 сум байгуулж, Ар баруун сум, Ар зүүн сум гэж нэрлэж байсан бол харуул сууж байсан газраас өмнөх газар нутагт Өврийн баруун, Өврийн зүүн гэсэн 2 сум байгуулсан байна. Өврийн баруун сумыг Өвөр Ширхтэн урианхай буюу Аригийн урианхай гэдэг. Манжийн ноёрхолын үед 1691-1923 он хүртэл Өвөр Ширхтэн урианхай нь Засагт хан аймгийн Эрдэнэ дүүрэгч хошуунд захирагдаж байсан бол хөвсгөл нуурын бусад урианхай нь 1805-1911 он хүртэл Улиастайн манж амбанд захирагдаж байсан юм. Өвөр Ширхтэн урианхайг Эрдэнэ дүүрэгч вангийн хошууны ноёны томилсон зайсангууд захирч байжээ. Хөвсгөлийн нуурийн урианхайг захирч байх Бүгдийн дарга /Үхэрида/ гэдэг албан тушаалыг Улиастай дахь манж амбан 1805 онд анх бий болгож, өөрөө томилдог байсан бөгөөд 1805-1923 он хүртэл 8 хүн энэ албыг хашсан байна. Монгол улс тусгаар тогтнолоо олсон 1911 оноос хөвсгөл нуурын Урианхай нь Богд хаант Монгол улсын дотоод хэргийг Бүгд Захиран Шийтгэх яамны мэдэлд очиж Бүгдийн дарга /Үхэрида/-г угсаа залгамжлан захирагч болгосон байна. Энэ үеэс Урианхайн 4 сум ангийн үсээр алба тушаах үүрэгтэй болжээ. Хөвсгөл нуурын Урианхайн 4 сум нь 1918 оны байдлаар 1100 өрх, 5000 гаруй хүн амтай, 25,1 мянга орчим малтай байжээ.