Харилцах хүснэгт
Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Засаг Даргын Тамгын Газар
НэрАлбан тушаалГар утас Ажлын утас
Ж.Лонжид ИТХ-ын дарга 99015091
Д.Далай Засаг дарга 99056859 89056859
Т.Ханддорж Засаг даргын орлогч 99384518
Д.Цогт-Эрдэнэ Тамгын газрын дарга 95228843
Я.Буянзаяа Дотоод ажил хариуцсан түшмэл 95630941


Гарчиг   
И-мэйл   
Зурвас   
   
Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын танилцуулга
Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын танилцуулга
Нийтэлсэн: 4 жил өмнө

Монгол даяар алдартай “Даян дээрхийн агуй, сүрлэг өндөр Саяны нурууд, Тосон өндөр, Дөшин, Байшинт, Майхан, Ялар, Гэрч, Мөнхлөн, Ажигийн сарьдгуудаас эх авсан Хэвэн, Залуу, Үүр, Цагаан, Даян дээрхи, Бадар, Дархинт, Халхан, Ариг зэрэг хүн малын ундаа болсон цэнгэг уст голууд, Саравслаг, Хушт, Усан туул, Армаг, Хээгт, Цагаан тургийн анагаах увдис бүхий рашаан булгуудтай. Баавгай, Хангай, Буга, Согоо, Гахай, Хүдэр, Бор гөрөөс, Булга, Солонго, Үен, Хэрэм, Чандага, Дорго, Зээх, Тарвага, Чоно, Үнэг, Хярс, Шилүүс зэрэг зэрлэг ан амьтад Тас, Бүргэд, Хун, Галуу, Нугас, Тоодог зэрэг төрөл бүрийн жигүүртэн, Тул, Зэвэг, Цурхай, омуль зэрэг загас олноор сүрэглэн байх өгөөж баян нутаг.

Нутгийн зарим хэсэгт шохойн чулуу, зос ногоон хаш, алт чулуун нүүрс, мана зэрэг байгалийн үнэт баялагтай. Нэрс, улаалзгана, гүзээлзгэнэ, мойл, долоогоно, үхрийн нүд, хушны самар болон төрөл бүрийн жимс жимсгэнэ, өвс ургамал жигдэрсэн хүн малын жаргалын орон гэлтэй.

Манай сум нь монгол орныхоо хойморт оршиж 21 аймгийн 370 орчим сумдаас улсын цолтой бөхөөрөө тэргүүлдэг, Уялган голоороо алдаршсан их хүчитнүүдийн өлгий юм.

Уялган багаас Монгол улсын 3 аварга, хурц арслан, гарьд, заан, харцага, начин төрж нэг сум, нэг баг, нэг голоос улсын цолтонд 13 бөх хүрсэн. Энэхүү амжилт одоо ч давтагдаагүй байна.

Энэ нутгийн зон олон Даян дээрхийн даншигийн босоо бөхчүүд, хатуу ам, Ардын хувьсгалын жилүүдийн аймаг, сум цэргийн барилдаанаас арслан, заан, начин цол хүртсэн олон арван бөхчүүдээрээ зүй  ёсоор бахархаж тэдний үнэнхүү аагтай, хүчтэй, хурдтай, эрэмгий дайчин барилдааныг домог мэт хүүрнэн, амнаас ам дамжин ярилцах нь үнэхээр бөхийн өлгий, бөхөд ээлтэй нутаг. Монгол бөхийн босоо цагаан хийморь өнө мөнхөд оршсон гэлтэй байна.

Манай сумыг хол ойрын хүмүүс бөхөөр нь төдийгүй эрдэмтэн мэргэд, алдар цолны эзэд, хөдөлмөр бүтээлийн аваргууд, сум, сүм барьсан мужаанууд, спортын мастеруудыг дурсан байгалийн үзэсгэлэнг харж магтаалын үгээ харамгүй зориулах нь чихнээ сонсголонтой өөрийн эрхгүй бахархал, омогшилыг төрүүлнэ.

Цагаан-Үүрээс маань алдар хүндийн эзэд арвай буудай мэт олноороо төрж нутаг угсаа, алдаршуулж явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Өдгөөгөөс 80 жилийн тэртээ ар зургаан харуулын төв асан Уялган харуулын нутаг, засаг захиргааны хуваарь шинэчлэн батлахад Цагаан-Үүр сум болон өөрчлөгдөж, соёл уламжлалаа хадгалан үлдсэн буриад уйгар ястнууд харуул халхчуудтай өөрсдийн уламжлал, амьдралын онцгой байдлын дэвшилтэт арга хэлбэрээ бие биедээ дамжуулан хэрэглэж, амьдрах өвөрмөц арга хэлбэрийг бий болгон нэгэн айлын хүүхэд мэт эвтэй найртай ажиллаж амьдарч байна.

Цагаан-Үүр сумын гол бахархал нь Даян дээрхээр овоглосон хүчит бөхчүүдээс гадна эх орон, төрөлх нутгийнхаа төлөө сэтгэл зүрх гарган ажиллаж амьдарч, бүтээн байгуулж, орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхаж байгаа эрдэмтэн мэргэд, элгэмсэг зочломтгой иргэд хөдөлмөрчид, азай буурлууд, идэр залуу та бүхэн билээ.

80 жилийн баялаг түүхтэй Цагаан-Үүр сумынхаа Монгол төрийнхөө ивээл дор элэг бүтэн энх тунх аж төрж, эх орныхоо бүтээн байгуулалт, төрөлх нутгийнхаа хөгжил дэвшилд өөрсдийн хувь нэмрийг оруулж дархан хилээ хамгаалан ажиллаж амьдарч байна. Эрхэм таныг

Даамай холоос дурсгалтай

Даян дээрхийн агуйтай

Даяар Монголд цуутай

Дархан гурван аваргатай

Цагаан-Үүр сумын ажилч хичээнгүй, элгэмсэг зочломтгой, эвтэй найртай ард түмэн, хөдөлмөр бүтээлтэйгээ алга дэлгэн угтах болно.