Засаг даргын мэндчилгээ

Ар газрын Утай хэмээн шүтэгдсэн энергийн төв, Даян Дээрх, алдарт аваргууд, энгүй их хүчтэнүүдээрээ бахархах, хүн, малын жаргалын оронд төрж өссөн элэг нэгт ахан дүүс, найз нөхөд та бүхнийхээ түмэн амгаланг эрж мэндчилье.

Төрөлх сум, аймаг, улс орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад гар бие оролцон эрдэм оюун, авъяас чадвараа зориулсан үе үеийнхний хөдөлмөрөөр 90 шахам жилийн өмнө бууриа хатгаж, шаваа тавьсан Цагаан-Үүр сум маань өргөжин тэлж эрчим хүч, холбоо харилцаа, зам гүүр босгон дэд бүтэц, боловсрол, соёл, эрүүл мэндийн болон банк санхүү, нийгмийн үйлчилгээг хүн арддаа хүргэсэн томоохон суурин болж хаяа тэлсээр байна. Суманд эдийн засгийн тэргүүлэх чиглэл нь уламжлалт мал аж ахуй эрхлэхийн зэрэгцээ махны чиглэлийн нутгийн омгийн үхэр, фермерийн аж ахуйг бий болгон нэмүү өртөг шингэсэн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ойн түүхий  эддээ түшиглэсэн мод боловсруулах иж бүрэн үйлдвэрлэлийн цогцолбор байгуулан экспорт, импортыг орлох бүтээгдэхүүн гаргах, байгаль түүх соёлын болон спорт агнуурын аялал жуулчлалыг эрхлэх явдал хэмжээн хөгжлийн гарцыг  тодорхойлж гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах хамтран ажиллах боломжийг судалж үйл ажиллагаагаа төлөвлөж байгаа болно.

 Сумын маань хөгжил, ард иргэдийн амьдрал өөдлөн дэвших нь энэ нутагт төрсөн хүн бүхний хүчин зүтгэл, итгэл үнэмшил, санаачлагаас хамаарах тул дор бүрнээ хичээж болно, бүтнэ, чадна, хүрнэ гэсэн чин эрмэлзэлтэй байх аваас ирээдүйн сайн сайхан бүхэн бидний дэргэд байна. Танаас, надаас, биднээс хамаарах хөгжлийн төлөө хамтдаа зүтгэе. Зүүний магнай, Хоймор нутаг Цагаан-Үүр сум минь хөгжиж хүн ард нь инээд хөөр, аз жаргалаар дүүрэн, элбэг хангалуун амьдрахын ерөөл өргөе.

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЦАГААН-ҮҮР СУМЫН
ЗАСАГ ДАРГА: Д.ДАЛАЙ